Анх энэхүү түүх 2001 оны 12-р сард хатагтай Гриет Талпе, ноён Этиенн Каестекер нар Бельгийн телевизийн сувгаар Монгол дахь гэр оронгүй, гудамжинд амьдардаг хүүхдүүдийн талаарх нэвтрүүлгийг үзсэнээр эхэлсэн билээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа азтай учралаар хуучны танил, сургуулийн найз, Тайваньд амьдардаг ноён Вилли Оливер тэднийд зочилж, Зүүн Ази дахь шашны төлөөлөгчийн газрыг хариуцан ажилладаг, Монгол дахь католик шашны санваартан лам Гилберт, хамба лам Венс нарыг таньдаг хэмээн ярьсан нь Монголын талаарх тэдний сонирхлыг нэмэгдүүлэв.
Хатагтай Гриет Талпе, ноён Этиенн Каестекер нар асрамжийн төвийн хөвгүүдийн хамт.Улмаар хатагтай Гриет Талпе, ноён Этиенн Каестекер нар Монгол улс, Монголчуудын талаар илүү мэдэхийг хүсэж судалсаар тухайн үед Недерланд улсын Вагенинген их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байсан Д.Гантөмөр болон Монголд аялал жуулчлалын компанийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Алтанбагана нартай холбогдсон нь цаашид олон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд түшиг тулгуур болжээ. Мөн бизнесмэн Ж.Жамсран, Б.Энхбаатар нартай танилцаж Монголын эдийн засгийн талаар илүү ойлголттой болсноор бизнесийн төслүүдийг ч эхлүүлсэн ажээ.
Гриет болон Этьен нар Монголд сэтгэлтэй, сонирхол нэгтэй Бельгийн иргэдийг нэгтгэж, тэдний дунд хуучин сенатор Этьен Коорман, Вильям Дефоорт, Пол Ван Воуэ зэрэг хүмүүсийг багтаасан байна. Тэдний нийтлэг хүсэл тэмүүлэл нь хоёр орны хооронд утга учиртай харилцаа тогтоож, соёлын солилцоог өргөжуулэхэд чиглэж байлаа. 2002 онд тэд Бельгид амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж, Монголын соёл, уламжлал, амьдралын хэв маягийг илүү гүнзгий ойлгох боломж олдов. Энэхуу аяллын чухал хэсэг нь хатагтай Ариунгэрэл Юндэндорж байв. Тэрээр Монгол-Голланд хэлний орчуулагчаар ажиллахын зэрэгцээ өөрийн мэдлэг, туршлагаа харамгуй хуваалцаж, хоёр орны иргэдийн хоорондын харилцааг улам бататгажээ. Тэдний хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх гэсэн алсын хараа өнөөдөр ч олон хүний амьдралыг баяжуулж, урам зориг өгсөөр байна.
Стражр, хамба лам Венс, соёл судлаач Габи нартай танилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.
Түүнчлэн тухайн үед Улаанбаатарт ажиллаж, амьдарч байсан Бельгийн иргэн Бернард Вандерхен ч мөн тэдний үйл хэрэгт гүүр болсон.
Эдгээр хүмүүс бүгд өөрсдийн туршлага, давуу, сул талуудтай байсан нь Монгол соёлын талаар илүү ойлголттой болоход нь Гриет, Этиенн нарт дэм өгөхийн зэрэгцээ хаана, хэнд, хэрхэн тусалж болох талаар чиглэлээ олоход нь нөлөөлсөн.
Олон жилийн хугацаанд буяны ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байсан Гриет гуай өөд болсон хэдий ч түүний хань Этиенн олон Монгол залуусыг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь дэмжих, нүүдэлчдийн уламжлалт өв соёлоо хадгалан үлдээхэд нь туслах төслүүдийг санхүүжүүлэх хүсэл зорилгоо орхилгүй энэхүү “КАТАЛПА” буяны санг үүсгэн, үйл ажиллагаагааг нь жигдрүүлсэн юм.